Баяннуур хот бол Монгол улсаас экспортолж буй түүхий нүүрс тээвэрлэлтийн шууд дамжин өнгөрөх цэг бөгөөд томоохон худалдан авагч билээ.
Энэ утгаараа Баяннуур хотыг тойрсон олон арван нүүрс боловсруулах үйлдвэр байдгийн нэг нь Урадын өмнөд хошууны Боган Шин Хуа компани юм.
Энэ компани нь ӨМӨЗО-ны Бугат хотод төвтэй төмөр боловсруулах Боу Ган компанийн охин компани болон 2013 оны 6-р сард байгуулагдсан. Өдгөө 950 ажилтантайгаар 6 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаагаа явуулж баяжуулсан нүүрсээ Боу Ган төмрийн үйлдвэрт 100 хувь нийлүүлдэг байна. Иймээс төмөр хайлуулах зориулалтаар ашиглагдах өндөр градусын дулаан ялгаруулах чадвартай нүүрсийг баяжуулж гаргах нь тэдний хамгийн гол зорилго.
Тэд мөн нүүрс баяжуулалтаас үлдсэн хаягдалыг ашиглан жилд 20000 тонн бензол үйлдвэрлэж дотоодын үйлдвэрүүдэд нийлүүлдэг.
Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж жилдээ 2,100,000 тонн баяжуулсан нүүрсийг үйлдвэрлэдэг.
Үйлдвэрийн хэрэгцээнд жилд 2,600,000 тонн түүхий чулуун нүүрсийг худалдан авдагаас 50 хувь нь монголоос оруулж ирсэн нүүрс байдаг. Харин үлдсэн 50 хувийг Вүхай хот болон Саньши мужуудаас авдаг байна.