Өнөөдөр трансжендер мисс Б.Солонго “Miss Universe-2018” тэмцээний ялагчийг авлигаар тодруулсан байж болзошгүй талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр:
Мисс гэдэг гоо зүйн бэлгэ тэмдэг. Тийм ч учраас нийгэмдээ маш их нөлөөллийг үзүүлдэг. Гэтэл Монголын миссүүд улсдаа ямар нөлөөллийн ажил хийсэн юм бэ гэхээр зүгээр л хүүхдүүдийн нүдийг хуурсан чипс тарааж, аахар шаахар буяны ажил хийчхээд мисс сэтэр зүүдэг. Миний хувьд одоогоос дөрвөн жилийн өмнө “Miss Universe-2018” тэмцээнд оролцож байсан. Энэхүү тэмцээн нь Дональд Трампын шоу гэдгийг та бүхэн мэддэг байх. Дэлхийд нэр хүндээрээ эхний хоёрт, эрэмбээрээ гуравт бичигддэг том тэмцээн.
Тухайн үед тэмцээнийг шударга шүүлттэй, сайхан болж өндөрлөлөө гэж бодож байсан ч авлигын асуудал үүссэн байж болзошгүй байна. Тэмцээнийг зохион байгуулахад оролцсон нэр бүхий хүн “Miss Universe-2018” тэмцээний ялагч нь 50-60 сая төгрөгийн авлига өгч түрүүлсэн талаарх мэдээлэл надад ирсэн. Тиймээс надад ирсэн баримт мэдээллийн дагуу иргэнийхээ үүргийн хүрээнд АТГ-т шалгуулахаар хандаж байна.